Жавартай цэнгэг агаартай сэнгэнэсэн хүйтэн хийгээд, харанхуйлсан нүдгүй босоо шороон шуурга, хувингаар цутгах мэт дуутай шуутай азарган бороо намайг байгаль хийгээд хувь заяа, бэрхшээл зовлон, өстөн дайснаа сөрж амьдарсан, өөртөө эзэн болж тэнгэрийн доор эрх чөлөөтэй омголон явж ирсэн Монгол хүн гэдгийг минь сануулж цог хийморийг минь сэргээх шиг болдог. Өсөж төрсөн нутаг минь надад зөөлөн хатуугийн туйлыг үзүүлж ертөнцийн үнэнийг арьс мах, оюун бодолд минь шингээнэм. Халууцах хийгээд даарахын хооронд, хасах нэмэхийн ялгал зуун нэгж байлаа ч Монгол хүн энэ л нутагтаа төрж, энэ л нутагтаа өсөж, энэ л нутагтаа үхдэг. Өнөөдрийн жавар, өнгөрсөн зуны нар, ирэх хаврын хавсарга, өмнөх намрын шуурга энэ бүхэн нийлээд сайхан эх орны минь дөрвөн улирлын өнгө. Тэнгэрийн доор газрын дээр, тэлж хатгасан туг мэд дарцаглаж амьдрах тавилантай Монгол хүнд заяасан эх сайхан нутгийн минь түмэн ааш, өнгө зураг, цэцэг ногоо, тариа будаа, тал хангай, говь хээр нь Монгол хүний эд эс бүхэнд нь шингэж төрсөн байдаг юм шиг. Чухам л нэрт яруу найрагч О. Дашбалбарын хэлсэнчлэн “Тэнгэрлэг эх орон минь таньдаа мөргөм үү!” Хэмээн дуу алдмаар.
Илүү ч үгүй дутуу ч үгүй
Ийм л хэвээрээ надад заяасан
Ижий амьтай эх орон минь
Ирэх буцахын орчлонд
Илгээлт аваад буухын цагт
Инээж угтсан эх орон минь