2009-01-09
Орчлонд ганцхан амт

Хаантан жаран насан дээрээ бие чилээрхэж албат иргэд, сайд түшмэдүүд чадлын хэрээр түүнийг ая тухтай байлгахын төлөө дор бүрнээ хичээцгээж улс даяар хөл болж байлаа. Гэвч орчлонгийн жамыг яалтай билээ, хаантаны бие өдрөөс өдөрт улам бүр муудсаар насан хутгийг олж магадгүй болоход өтөл хаантан ээжийнхээ чанаж өгч байсан шиг тийм цайг ганцхан аягыг уувал орчлонгоос сэтгэл амар буцаж чадахаа хаан хөвгүүд болон сайд түшмэдүүддээ хэлжээ. Ингээд хаантанд түүний ээжийн чанаж өгч байсан шиг цай чанаж өгөх үүргийг ордны хөгшин тогоочид даатгав. Ордны тогооч хаантаны ээжийг говь нутгийн хүн байсныг мэдэхийн учир тэр нутгийн хүмүүсийн цай чанах олон арга жорыг харьцуулан судалсаар мөн хааны нагац нарын үр сад эдүгээ ч амтархан уусаар байгаа тэрхүү цай чанах жор болоод аргыг мэдэж аваад хаантанд гараа гарган цай чанаж өгчээ. Нэг их нууц нандин юм байсангүй түүний хар багаасаа ууж өссөн, одоо ч эмгэнийх нь чанадаг тэр цай, тэр л арга байлаа. Өвгөн хаантан энэхүү цайг амтархан уусан хэдий ч ээжийнх нь түүнд чанаж өгдөг байсан цай биш байна хэмээн гомдолложээ. Нэг л юм дутуу байна гэж ам алдсаныг нь тэргүүн сайд тогоочид дуулгаснаар хөгшин тогоочийн өдрийн бодол шөнийн зүүд эхлэв. Хаантаны эх чухам ямар цай чанаж уудаг байсныг үлдэж хоцорсон үе тэнгийн зарим хөгшидөөс нь лавлаж асуугаад, нагац нарынх нь чанаж уудаг цайг хэрхэн чанахыг хэчнээн ажиглаад ч нэмж нууц нандин жор, арга нэгээхнийг эс олж үзэв. Ингээд өдөр бүр хаантанд чанаж өгсөн тэрхүү цайгаа зүйл бүрээр чанаж үзсээр гэрт нь түүний чанасан цай сав саваар дүүрч эмгэн нь харин цай чанахаа больсоныг анзаарсангүй. Нэгэн өдөр тусдаа гараад удаж буй том хүү нь гэртээ ирж аяга цай уугаад ахиж цай уусангүй нэг л дурамжхан суухыг хараад ээж нь баахан гайхаж “Миний хүү багадаа хөлсөө бурзайлгаад цай уугаад суудагсан, яагаа вэ? Бие чинь зүгээр үү? Цайгаа уу” гэвэл ээжээ энэ таны чанасан цай мөн үү? Гэх нь тэр. Үгүй ээ, арай өөр байна уу? Аав чинь чанасан юм. Ойрд хаантанд цай чанаж өгөх гээд, тэр нь нэг л болохгүй байгаа юм байх, тэгээд өдөр, оройгүй цай чанаж суудаг ажилтай болсон гэлээ. Хүүгийнхээ дурамжхан царайг харсан эх нь түүнд шинээр цай чанаж өгөхөөр тогоо тулга зодолдуулж эхлэхэд одоо л нууцыг мэдэх сэжим атгасан өвгөн тогооч ч нүд алдалгүй харж эхэллээ. Юм л нэмж хийсэнгүй, яг түүний чанасан шиг цай чанаад өгвөл хүү нь харин идэр насны эр биш 30 жилийн өмнөх жаахан хүү шиг эхийнхээ хажууд сууж байгаад хөлсөө бурзайтал амтархан ууж ууж, нүд нь гэрэлтэж, санаа нь амарсан цатгалан царайтай хүн гарч одох нь тэр ээ. Өвгөн тогооч үлдсэн цайг нь хөрөхөөргүй боож аваад ордоны зүг алхаж явлаа. Хаантан харин энэ цайг амтархан уугаад “Энэ мөн байна гэхдээ арай л өөр юм. Яг тийм амттай цайг яаж ч одоо уухав дээ. Олон жил өнгөрч би ч хөгширөө байлгүй” гэжээ. Өвгөн тогооч үүнээс илүү үг хүлээсэнгүй ээжтэй хүн л ээжийнхээ чанасан цайг ууж чадна гэдгийг тэр мэдэж байлаа, гэхдээ эх хүний үрээ гэсэн халуун сэтгэл хоол цайны амтыг өөрчилж чаддагыг өтөлж үхтэлээ мэдээгүй явсанаа бодохоор хоол, цай хийх арга жорд нэвтэрхий гэгдэн хааны тогооч болсон өвгөн өөрөөсөө ичиж багшийнхаа чи үхэн үхтэлээ сурах болно оо. Амт гэдэг заримдаа бас аманд биш зүрхэнд, сэтгэлд, тархинд байдаг эд шүү, хүнд хоол хийвэл сэтгэлээсээ хийж бай! гэж хэлж байсныг олон жилийн дараа нэхэн дурслаа.

И.П.Амармэнд

Сэтгэгдэл:


Тийм шүү, нэгэн эрхэм  хүнтэй өдрийн цайны талаар ярьж байгаад ер нь энэ сэдвээр биччихмээр санагдаад.
Бичсэн: Amaraa цаг: 09:17, 2009-01-15 | Холбоос | |


Үнэхээр ээжийн чанасан цай гэдэг энэ хорвоод хосгүй зүйл ээ, гэхдээ үүнийг мэддэг, мэдэрдэг улс ховор байхаа. тухайлбал аж үйлдвэржсэн гадаад орнууд үүнийг мэдэхээ байгаад олон зуун жил болж байгаа гэж бодохоор бидэнд бас л нэг давуу тал байна даа.Санаа алдав.
Бичсэн: Melody цаг: 17:51, 2009-01-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ бичлэгийг нийт 707 удаа уншсан.
© Миний блог



:-)
 
xaax