Миний анхны шинэ жилийн бэлэг гөеөдөө зориулсан миний сурлагын, хичээл зүтгэлийн шагнал байсан юм. Юу гэвэл хамгийн анх сургуульд ороод нэг дүгээр ангидаа шинэ жилээр бэлэг авч байлаа. Тэрнээс өмнө бол би чинь хөгшин хүний дэргэд гэрийн хүмүүжил олсон хүн, европ зүгийн шинэ жилийн бэлгийг авах ч бүү хэл, мэддэг ч үгүй байж л дээ. Харин гөеөгөөсөө бол өдөр бүр чихэрээр, магтаалаар бэлэг авна.
Тэр шинэ жилийн ууттай бэлэгнээс одоо санаанд үлдсэн юм гэвэл Хургачин гэдэг дотоодод үйлдвэрлэсэн нэг хар өнгөтэй жигнэмэг байна. /ямар гурилаар хийхээр тийм хав хар байсан юм бүү мэд/ Яагаад гэвэл бусдыг нь би өөрөө тухайн үедээ идчихсэн юм. Харин Хургачинг бол гөеө болон дүү нартаа өгнө гээд цаашаа хийж байлаа. Хэцүү цагийн багаахан төсөвтэй сургуулийн маань бэлгэнд ер нь тэр жигнэмэгээс том юм юу ч байгаагүй юм. Түүнээс бусад нь бол ганц нэг чихэр, нэг алим л байсан болов уу. Амьхандаа онц сурсан мундаг амьтан гөеөдөө л өвлийн өвгөний бэлгээс хувь хүртээхээр шийдээд гөеө минь бас түүнийг нь хэдэн дүү нарт маань тараахыг бодоод хамгийн томыг нь үлдээгээд өөрөө ганц нэг чихэр, алим төдийхнөөр амттанд хорхойссон ходоодоо аргацаасан юм шиг байгаа юм. Тэрнээс хойш жил бүрийн шинэ жилээр өвлийн өвгөний бэлэг авч гөеөдөө, дүү нартаа өгөх нь миний зорилго болсон хэрэг. Яагаад ч юм өөрөө идэхээсээ илүү хамгийн гоёыг нь өөр хүнд өгөх нь хамгийн сайхан санагддаг байж.
Энэ нь нэг талаас надад итгэж, намайг эрхлүүлдэг гөеөгөө баярлуулах, миний төлөө хүч хөдөлмөрөө зарцуулан хүйтэнд хөрч, халуунд халж өвчин зовлонтой хүн, мал, эм тариа, вакцин дуудлага гээд явж байдаг аав ээж хоёрынхоо ачийг хариулах, нөгөө талаас айлын том хүүгийн хувьд дүү нартаа үлгэр жишээ ах байх гэсэн хүсэлийн минь илрэл байсан ч юм шиг.
Дунд сургууль төгсөтлөө жил бүр бэлэг авч, тэгээд хамгийн гоё, хамгийн хүртээмжтэй ямар нэг юмыг нь гөеөдөө хадгалдаг байлаа. Харин тэрнээс хойш чухам юу юу хадгалж байснаа сайн санахгүй юм. Магадгүй нэлээн ухвал тархины мухраас гарч ирэх л байх.
Тайлбар:
Гөеө
Эмээ гэсэн утгатай үг, Дарьгангын нутгийн аялага.
Аз жаргалтай хайр энэрэл дүүрэн хүүхэд нас хүнийг хүн болгодог байх аа гэж боддог юм. Эмээгийнхээ буянаар хүний хайраар дуталгүй өсчээ.
Angaahai-д: Хэхэ, үнэхээр л танил зураглал байна шүү тийм ээ. Эмээ өвөөдөө зориулж заавал бичээрэй амжилт!